All Posts By

hulan

Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг түгээмэл 5н асуудал

By | Зөвлөгөө

Томоохон аж ахуй нэгжүүдийн хувьд үр дүнтэй үйл ажиллагаа явуулахын тулд тухайн ажлыг хамгийн сайн гүйцэтгэх чадвартай, мэдлэг, ур чадвар сайтай хүний нөөцийг шилж сонгох шаардлагатай байдаг.

Өөрөөр хэлбэл, тэр хүнээс ямар ур чадвар бүтээмж гарч болохоор байна, түүнийг яаж хэрхэн хөгжүүлж болохоор байна, тэр бүрийг шавхаж гаргадаг ба түүний хэрээр хүн хөгжиж  нийгэмд эзлэх байр сууриа бий болгохын зэрэгцээ санхүүгийн хэрэгцээгээ хангадаг.

Үүнээс үүдэлтэй гэр бүлд нь эерэг нөлөөл бий болж байгаа гэдэг нь өөрөө нийгмийн олон хүчин зүйлсэд эерэгээр нөлөөлөх суурь болно гэсэн үг юм.

Бүх байгууллагын хүний нөөцийн менежмент нь сайн байж, хүн бүрийг сайн бэлтгэж, ажиллуулж чадвал зөвхөн байгууллагын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй улс орны ирээдүйн хөгжил дэвшилд ч чухал үүрэгтэй юм.

Харин энэхүү хүндхэн үүрэг даалгавар буюу байгууллагын бүх хүмүүсийг яаж үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг асуудлыг хариуцдаг менежментийг удирдах хүндхэн үүрэг даалгавар нь хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг юм.

Тэгвэл тухайн хүндхэн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудыг танилцуулъя:

1. Чадварлаг мэргэжилтэн, ажил горилогчдыг өөртөө татах

Танай байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлдөг гол хүчин зүйл бол яахын аргагүй хүнийн нөөц гэдгийг бид дээрх хэсгээс мэдэж авсан. Тийм ч учраас байгууллага, ажил олгогч эзэд, хүний нөөцийн менежерүүд чадварлаг боловсон хүчнийг олох гэж чамгүй цаг зав гаргадаг ч хүссэн үр дүндээ хүрэх тийм ч амаргүй байдаг нь нууц биш юм.

2. Чадварлаг, гол түлхүүр ажилчдыг тогтвортой ажиллуулах

Байгууллагад ч байтугай улс орны хэмжээнд чадварлаг боловсон хүчин, эрдэм мэдлэгтэй, мэргэжилдээ гаршсан боловсон хүчин их байна гэдэг маш том давуу тал. Харин тухайн гол түлхүүр ажилчдыг урамшуулж, улам хөгжүүлэх асуудал нь яахын аргагүй хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг дараах томоохон асуудлуудын нэг мөн. Бид компанидаа үнэнч ажилчдаа авч үлдэхийг хүсэхгүй гэж үү.

3. Ажилчдыг идэвхжүүлэх, өндөр бүтээмжтэй ажилтан бий болгох

Судалгааны үр дүнгээс харахад удирдлагын төвшний бус маш олон ажилчид сул чөлөөтэй, бүтээлч байдлаа бүрэн ашигладаггүй болохыг баталсан байдаг. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд ажилчдаа ажилд нь дуртай байлгах бүтээмж буурахад нөлөөлдөг, ажлын байртай холбоотой болон ажилчдын сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой зарим хүчин зүйлсийг тогтвортой хэмжээнд байлгах, удирдах, ажилчдаа улам идэвхжүүлж бүтээмжийг дээшлүүлэх аргуудыг боловсруулах нь хүний нөөцийн мэргэжилтнүүдээс ихээхэн ур чадвар, мэдрэмж шаарддаг байна.

4. Ажилчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

Дэлхий дахин глобалчлагдаж улмаар ажиллах хүчин хүртэл нэг орноос нөгөө оронлуу шилжин хөдөлмөр эрхэлдэг болсон, бид байгууллагадаа чадварлаг ажиллах хүчин төвлөрүүлэх гадны улс орнуудын аж ахуй нэгж, байгууллагуудтай зэрэгцэж, тэдний тэдний байгууллагын хүний нөөцийн бодлого, стандарттай эн тэнцэхүйц үйл ажиллагааг дадал болгох нь улс орон, аж ахуй нэгжүүдийн хөгжил, цаашлаад цааш цаашдаа ажиллах хүчин болж бэлтгэгдэж байгаа оюутан залуусын хувьд ч эх орондоо ажиллах сонирхолтой, мэдлэгтэй боловсон хүчин болохыг хүссэн ихээхэн эрмэлзэл бий болгох сайн талтай. Харин энэхүү шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, олон улсын компаниудын жишигт хүрсэн стандартыг бий болгох нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ихээхэн судалгаа, ур чадвар, алсын хараатай байхыг шаарддаг билээ.

5. Хөдөлмөрийн хууль эрх зүйн асуудлыг зохицуулах

Байгууллагуудын хувьд зайлшгүй хүний нөөцийн эрх үүргийн хүрээнд дагаж мөрдөх шаардлагатай хууль эрх зүйн асуудлууд байдаг. Жишээ нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх зохицуулах асуудал, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргүүдийг үр дүнтэй удирдах, осол эндэгдэл, аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан хууль эрх зүйн асуудлуудыг зохин байгуулах зэрэг асуудал нь хүний нөөцийн мэргэжилтнүүдээс маш их анхаарал, нягт нямбай ажиллагаа шаарддаг юм.

Та дээрх бүгдтэй санал нийлж байна уу? Ажиллах хүч бол улс орны хөгжилд чухал нөлөөтэй хамгийн гол хүчин зүйл гэдэг санааг бид бараг хэдэн мянган удаа давтаж ярьдаг. Хүний  нөөцийн төлөвлөлт нь байгууллагын төдийгүй улс орны ирээдүйн  стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг болдог бөгөөд хэтийн үйл ажиллагаанд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг шийдвэрлэх зорилготой байдаг тул дээрх асуудлуудыг шийдэх шийдэл олох нь байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн зайлшгүй анхаарах ёстой асуудал болж байгаа юм.