Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын түгээмэл 4 асуудал

By 2018-12-05ХАБ

Монгол улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, барилга үл хөдлөхийн салбаруудын эрчимтэй хөгжлийг даган тодорхой чиглэлээр нарийн мэргэшсэн экспертиз, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуд олноор бий болж буй.

Барилгын томоохон компаниуд угсралт, гүйцэтгэлийн бүх ажлуудаа дан өөрийн багаар хийж гүйцэтгэх бус туслан гүйцэтгэгчидтэй гэрээгээр ажиллах нь түгээмэл болжээ. Барилга барингаа вакуум цонхны, бетон зуурмагийн гэх мэт дагасан жижиг үйлдвэртэй болчихдог байсан үе өнгөрсөн. Цонх, хаалга, бетон зуурмаг, цахилгаан, дотор засал, тавилга, интерьер дизайн гэх зэргээр компаниуд нарийн мэргэших, төр болон томоохон компаниудын тодорхой эрэлт хэрэгцээг л хангахад төвлөрдөг болсон.

Уул уурхайн томоохон компаниуд ч тэр ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сан үүсгэх, бодлого стратеги сургалтаар хангах, сар бүр мэдээллийн уулзалт хийх, экспо үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах зэргээр ханган нийлүүлэгч компаниудтайгаа нягт хамтран ажиллах болжээ. Тэдний хувьд сул зогсолт, нийлүүлэлтийн хугацааны хоцролт, чанарын шаардлага хангахгүй байдал, аюул осол зэрэг нь их хэмжээний хор уршиг дагуулж байдаг тул ханган нийлүүлэгчиддээ төдийгүй туслан гүйцэтгэгчдэд тодорхой стандартын хатуу нөхцөл шаардлагуудыг тавьдаг.

Энэ нийтлэлээрээ Монголын ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудад түгээмэл тулгардаг асуудлуудаас хөндөнгөө хэрхэн засч сайжруулж болох талаар зөвлөж байна.

1. Хууль, эрх зүй, ёс зүйн шаардлагуудыг хангахдаа тааруу

Монголын ханган нийлүүлэгчдийн хувьд дараах асуудлууд түгээмэл бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлого ашгаа нэмэгдүүлэхэд саад болдог түгээмэл асуудлууд:

  • Татвар, шимтгэлийн асуудалтай. Татвар, нийгмийн даатгал зэргээр асуудалтай, нуун дарагдуулдаг, татварын эрсдэлтэй, аудит хийдэггүй байх нь түгээмэл.
  • Хэт нэг хүнээс хамааралтай. Захирал нь том жижиг бүх түвшинд шийдвэр гаргаж микро менежмент хийдэг компаниуд багаар хурдтай ажиллахдаа тааруу хэт нэг хүнээс хамаарсан эрсдэлтэй байдаг.
  • Хариуцлага хүлээх чадвар. Хэт найран дундаа байдлаар ажиллаад сурчихсан тул гэрээний дагуу хариуцлага хүлээхдээ тааруу байх нь элбэг.
  • Хувийн ашиг сонирхлын зөрчил. Бүх л салбаруудад түгээмэл асуудлуудын нэг бөгөөд ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байдаг.

2. Хөдөлмөр аюулгүй байдал хангагдаагүй

Монгол улсын хуулиар барилга, дэд бүтэц зэрэг тодорхой салбарын ажилчдыг зайлшгүй гэнэтийн ослын даатгалд хамруулсан байхаар заасан байдаг. Гэтэл туслан гүйцэтгэгч компаниуд, бригадууд даатгалд хамруулаагүй байх, хөдөлмөр аюулгүй байдлын (ХАБ) тогтолцоогүй ажиллах нь тохиолддог ба энэ нь үйл ажиллагаагаа тэлэх, томоохон ажлуудыг гэрээгээр хийж гүйцэтгэх боломжуудаа хаах нэгэн шалтгаан болдог.

Хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн хурцаар анхаарал татаж байгаа энэ үед ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд анхаарах нь томоохон компаниуд төдийгүй тэдний ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч жижиг, дунд компаниуд, бригадуудын хувьд хүртэл нэн тэргүүний анхаарах ёстой чухал асуудал юм. Иймд дараах зүйлст заавал анхаарахыг зөвлөж байна:

  • ХАБ-ын бодлого, журам боловсруулах,
  • Өдөр тутмын ажлын процессод нэвтрүүлж ажил хэрэг, соёл болгох.
  • Хэрэгжилтэд хяналт, аудит хийх, засч сайжруулах.
  • Эрсдэлийн удирдлагын тогтолцоотой болох.

ХОЛБООТОЙ: Хөдөлмөр аюулгүй байдлын албаны шийддэг гол асуудлууд

3. Өрсөлдөх чадвар, менежмент, ашигт ажиллагаа

Томоохон компаниуд сонгон шалгаруулалт хийхдээ өөрсдийн тавьж буй хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж буй, цаг хугацаанд нь чанартай нийлүүлж, гүйцэтгэж чадах эсэхийг нарийн судалдаг. Иймд дараах түгээмэл асуудлуудад анхаарна уу.

  • Өрсөлдөх чадвар сул. Зах зээлд өөрийн онцлог ялгарал, төвлөрлийг бий болгоогүйгээс өрсөлдөх чадвар сул байх нь түгээмэл. 
  • Төслийн менежмент тааруу. Аливаа гэрээт ажлыг төсөл байдлаар удирдан цаг хугацаанд нь чанартай хийж дуусгах нь чухал. Гэтэл тодорхой бараа, материалын нийлүүлэлт эсвэл ажлын гүйцэтгэл хоцорсноос үүдэн асуудал үүсэх, алданги торгууль тавигдах эрсдэл учирдаг. Иймд төслийн менежментийн ур чадвар, тогтолцоо, мэдээллийн системд анхаарч ажиллахыг зөвлөж байна.
  • Чанарын удирдлага тааруу. Чанарын удирдлагын тогтолцоотой болсноор гэрээний дагуу тавигдсан шаардлагуудыг тогтвортой хангаж ажиллах.

4. Чадварлаг ажилтнуудаа тогтоон барихдаа тааруу

Аливаа байгууллагын хамгийн үнэт зүйлсийн нэг нь мэргэжлийн өндөр түвшинд гар нийлж ажилладаг баг нь байдаг. Ганц захирал нь мундаг байх нь орчин үед дангаараа хангалтгүй нь тодорхой. Томоохон худалдан авагч байгууллагууд ханган нийлүүлэгчдийнхээ багийн бүтэц зохион байгуулалт, компанийн соёл, багаар хамтран ажиллах чадвар, салбарын нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, дээд шатны төдийгүй дунд шатны менежерүүдийн манлайлал, менежмент, көүчинг, харилцааны ур чадварт анхаарал хандуулах болсон.

Баг нь уг компани хэр мэдлэг, ур чадвар, туршлагатай төдийгүй найдвартайг илтгэдэг. Гэтэл олон компаниуд ялангуяа авьяаслаг ажилтнуудаа урт хугацаанд үр бүтээлтэй, тогтвортой, хөгжүүлэн ажиллуулж чаддаггүй, нарийн мэргэжлийн ажлын байранд оролт гаралтын хувь хэт өндөр байдаг нь сөрөг нөлөөтэй байдаг. 2 жил сурч овоо ажлын дөртэй болчхоод өөрөө яг ийм бизнес хийнэ эсвэл өөр компанид өндөр цалин хөөгөөд гараад явчихдаг.

ХОЛБООТОЙ: Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг түгээмэл 5 асуудал

Ажилтнуудын тогтоон барих, урт хугацаанд үр бүтээлтэй ажиллуулахад цалин хэдий чухал ч дараах хүчин зүйлсийг анхаарах нь зүйтэй:

  • Сургалт, хөгжил. Ажилтан мэргэжилтнийхээ хувьд төдийгүй менежер, манлайлагчийнхаа хувьд байнга өсч хөгжиж байвал байгууллага нь өөрт нь өгч буй үнэ цэнийг мэдэрч тогтвортой ажилладаг. Нэгэн мундаг захиралд “та хүмүүсээ сургаж хөгжүүлээд байдаг, гэтэл ажлаас гараад явчихвал яах вэ” гэж асуухад хариуд нь “сургаж хөгжүүлэхгүй байгаад байдаг, гэтэл үлдчихвэл яах вэ” гэж асуусан байдаг.
  • Гүйцэтгэлийн үнэлгээ, урамшуулал. Ажлыг нь зөв, шударга үнэлэх, сайн ажиллах үед тохирсон урамшуулалтай байх нь сэтгэл ханамжтай, хичээж ажиллахад тусалдаг.
  • Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, стратеги. Компаниа хаашаа чиглэж ажиллаж буйг ажилтан ойлгосон байдал, өөрийнх нь хувь хүнийх нь зорилго, алсын хараа зэрэгтэй хэр нийцтэй байгаа гэдэг нь урт хугацаанд хамт ажиллах, багийн үр бүтээлтэй гишүүн байх эсэхэд шууд хамааралтай.
  • Эрүүл мэнд. Байгууллагын ажлын орчин, нөхцөл байдал, онцлогоос хамааран эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэл учирдаг. Ажилтан нэгд эрүүл саруул, осол эндэгдэлгүй байх, эрүүл мэндтэй холбоотой аливаа эрсдэлүүдээс хамгаалагдсан байх нь хувь хүнийх нь хувьд төдийгүй гэр бүлийнх нь хувьд нэн чухал байдаг. Иймд жил бүр эрүүл мэндийн үзлэгт орох, даатгалд хамрах зэрэг боломжууд нь үр бүтээлтэй, ур чадварлаг ажилтнууд тогтвортой ажиллах нэгэн гол шалтгаан болдог.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.