ААН-үүдийн даатгалд хамрагдах шаардлагатай эрсдэлүүд

By 2019-01-21Зөвлөгөө

Аж ахуйн нэгжүүдэд тулгардаг эрүүл мэндийн эрсдэлүүд салбар бүрээр харилцан адилгүй ч байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг, ажиллагсдаа зайлшгүй даатгалд хамруулах шаардлагатай эрсдэлүүдийг түүвэрлэн орууллаа.

Монгол улсын хувьд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн чөлөө, акт хүссэн ажиллагсад болон тэдгээрийн бүтээмжийн талаар дэлгэрэнгүй судалгаа байхгүй ч мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажлын байрны осол эндэгдэл, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаанаас тодорхой дүгнэлт хийх боломжтой билээ. Та ч мөн адил өөрсдийн ажлын байран дахь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, дотоод тоон мэдээлэл дээрээ тулгуурлан анализ хийж үзээрэй.

Мэргэжлээс шалтгаалах өвчин

Мэргэжлийн онцлогоос шалтгаалан суурь өвчтэй болсон иргэд манай улсад цөөнгүй бий. Дуу чимээ, тоосжилт, доргион чичиргээ, байнгын зогсоо буюу нэг маягийн албадмал байрлал шаардах мэргэжлүүд, хорт бодистой орчин, ионжуулагч цацраг, богино долгион гэх шалтгаанаар ажиллагсад суурь өвчтэй болох цаашилбал хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол ихээр бүртгэгдэх болсон.

Мэргэжлээс шалтгаалах өвчин нь салбар тус бүрээр ажлын нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, уул уурхайн салбарт уушги тоосжих өвчин зонхилж байхад хүнд үйлдвэрт нурууны эмгэг, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт шуугианаас гаралтай сонсгол бууралт давамгай илрэх боловч эдгээр нь холимог байдлаар ч илэрч байна. Харин барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд зонхилон тохиолддог.

Монгол улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн ажилчдын ихэнхи хувийг буюу 67%-ийг ажлын байрны тоос, тоосонцроос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Харин удаах байруудад эргономикийн буруу байрлал, доргио чичиргээ болон шуугианаас үүдэх өвчлөлүүд оржээ.

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлж, архагшиж, хүнд шатанд орохоос өмнө эмчилгээ хийлгэх, нэгэнт хүндэрсэн тохиолдолд өвчлөлийн зэрэг тодорхойлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамруулах хэрэгтэй. Хүнд, хортой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд ажиллагсдаа эрүүл мэндийн даатгалд заавал хамруулж урьдчилан сэргийлэх болон бусад эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол авч хэвших хэрэгтэй.   

Гэнэтийн осол, эндэгдэл

2017 оны байдлаар гэнэтийн осол, эндэгдэлд өртөж буй ажиллагсдын салбараар нь харвал уул уурхай болон боловсруулах үйлдвэрийн ажилчид 35% -ийг эзэлж байна . 2016 оны судалгаагаар 383 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж 8 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Энэ нь ажлын байрны орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байх, ажилчдын сэтгэл зүй, ажил амралтын хуваарь гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалж байгаа.

Ажлын байран дахь осол эндэгдлийг бууруулах сэргийлэхийн тулд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах
  • Ажиллагсдын ажил амралтын хуваарийг зөв зохион байгуулах
  • Ажиллагсдыг тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулж байх
  • Ажиллагсдын эрүүл мэндийн даатгалд хамруулах

Ердийн болон халдварт өвчлөл

Монгол улсын хатуу ширүүн уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол, хүмүүсийн буруу дадал зуршил, хэт их төвлөрөл зэрэг хүн амын ердийн болон халдварт өвчлөлөөс өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нийт хүн амын 55,8% нь идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын ажлын бүтээмж, үр ашигт байдалд ердийн болон халдварт өвчлөл шууд нөлөөлдөг. Улирал солигдох явцад үүсэх халдварт өвчний тархалт, харшил, дархлаа унах, ажлын хэт ачаалал, орчны бохирдлоос үүдсэн сэтгэл гутрал зэрэг нь ажиллагсдын ажлаасаа чөлөө авах, эмнэлэгт эмчлүүлэх шалтгаан болдог.

Ажиллагсдынхаа өвчлөлөөс шалтгаалах бүтээмж бууралтыг бууруулах хамгийн зөв алхам бол эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлыг чухалчилж үзэх, зөв дадал зуршил хэвшүүлэх байгууллагын соёлыг бий болгох юм.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.